🇷🇺🇲🇳 Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургуулийн Улаанбаатар дахь салбар 25 жилийн ойгоо тэмдэглэлээ 👏👏
Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургуулийн Улаанбаатар хот дахь салбар 25 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тус салбар нь бага, дунд сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудыг нэгтгэсэн томоохон боловсролын цогцолбор болж чадсаныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин онцоллоо. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Константин Могилевский мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын хамт олонд үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэв. Баярын хүлээн авалтад ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Константин Могилевский, Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. Баярын арга хэмжээ Г.В.Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын 25 нас хүрч буй танилцуулгыг үзүүлснээр эхэлж, Плехановын Их сургуулийн ректор Иван Лобановын хамт олондоо хандан хэлсэн баярын мэндчилгээгээр үргэлжлэв
ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар сүүлийн 25 жилийн хугацаанд жижиг боловсролын төвөөс олон улсын түвшний нэр хүндтэй боловсролын индэр болж, зөвхөн мэдлэг төдийгүй хариуцлагатай шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадсан. ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Константин Могилевский хэлсэн үгэндээ “Нэгэн зууны дөрөвний нэг гэдэг бол хүндлэх учиртай чухал үйл явдал бөгөөд энэ өдөр бол зүгээр нэг тоо биш, тогтвортой хөгжил, мэргэжлийн өндөр түвшин, эрдэм ном уламжлалдаа үнэнч байх, ирээдүйгээ харах чадварыг илтгэх үзүүлэлт юм. Плехановын их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өвөрмөц жишээ мөн. Салбарын хамт олон өөрсдийн ажил үйлсээр Орос, Монгол хоёр улсын соёл, боловсролын харилцааг хөгжүүлэхэд өдөр бүр жинтэй хувь нэмэр оруулдаг. Мөн өнөөгийн геополитик, эдийн засгийн бодит байдалд Улаанбаатар хотын салбарын ач холбогдол улам нэмэгдэх болно” гэлээ
Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбар нь Монгол Улсад 1999 онд үүсэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа өндөр чанартай мэргэжилтэн бэлтгэж, хоёр улсын эдийн засаг, санхүүгийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх платформ болж чадсан юм